BURGER KING MONGOLIA THE HU ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТЫН АЛБАН ЁСНЫ ИВЭЭН ТЭТГЭГЧ БОЛЛОО
2026-07-09

Дэлхийд алдартай ил гал дээр шарсан (flame-grilled) бургерээрээ танигдсан Burger King Mongolia нь Монголын төдийгүй дэлхийн рок хөгжмийн тайзнаа эх орноо амжилттай төлөөлж буй The HU хамтлагийн 10 жилийн ойн арга хэмжээний албан ёсны ивээн тэтгэгчээр хамтран ажиллах гэрээ байгуулснаа өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Энэхүү стратегийн хамтын ажиллагаа нь The HU хамтлагийн байгуулагдсаны 10 жилийн ой болон Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд 8- сарын 8 нд зохион байгуулагдах түүхэн тоглолтын хүрээнд хэрэгжих бөгөөд Монголын соёлын үнэт өв, орчин үеийн энтертайнмент, дэлхийн хэмжээний брэндийн үнэ цэнийг нэгтгэсэн онцгой түншлэл болж байна.

2016 онд байгуулагдсан The HU хамтлаг нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг, хөөмийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан “Хүннү Рок (Hunnu Rock)” урсгалыг дэлхийд таниулсан хамтлаг юм. Тэдний “Wolf Totem” уран бүтээл 2019 онд Billboard Hard Rock Digital Song Sales жагсаалтыг тэргүүлсэн Монголын анхны бүтээл болж, хамтлаг дэлхийн томоохон хөгжмийн наадам, аялан тоглолтуудаар дамжуулан Монгол Улсын нэр хүндийг олон улсад сурталчилсаар ирсэн.

The HU хамтлаг нь Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хааны одон болон ЮНЕСКО-гийн Artist for Peace өргөмжлөлийг хүртсэн дэлхийн анхны рок/метал хамтлагуудын нэг бөгөөд 2026 онд байгуулагдсаны 10 жилийн ойгоо шинэ цомог, тусгай тоглолт, олон улсын шинэ төслүүдээр тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь дэлхийн хэмжээний хоёр брэндийн нэгдэл бөгөөд Burger King Mongolia болон The HU хамтлаг өөр өөрийн салбарт бүтээсэн үнэ цэнэ, манлайллыг нэгтгэн Монголын бахархлыг дэлхийд түүчээлж, дэлхийн хэрэглэгчдийг Монголын соёлтой холбосон шинэ туршлага, шинэ үнэ цэнийг хамтдаа бүтээх стратегийн түншлэл болж байна.