СҮҮ ХК

Монгол Улсын ууган үйлдвэр “СҮҮ” ХК 1958 оны 12-р сард ЗХУ-ын техник-эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хангах зорилготойгоор байгуулагдсан юм. Тухайн үед хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтай байгуулагдсан үйлдвэр 1985 онд одоогийн байршилдаа шилжин ирж, шинэчлэгдэн ашиглалтад оров. 1992 оны их хувьчлалын үеэр төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болж, Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн ба улмаар 2006 онд “Максын ах дүүс” Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нар “Монголчууд олон сая малтай хэр нь гадаадаас үнэтэй сүү худалдан авч уух ёсгүй” хэмээх эх оронч итгэл үнэмшилдээ тулгуурлан “Сүү” ХК-ийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан түүхтэй. Ийнхүү сүү, сүүн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэл хөгжин дэлгэрч, импортын сүүний зах зээлийн давамгайллыг зогсоож чадсан юм.

Өнөөдөр “Сүү” ХК үйл ажиллагаагаа өргөтгөснөөр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 120 тоннын сүү ариутгах, боловсруулах хүчин чадалтай болж, нийслэлийн нийт хүн ам болон орон нутгийн иргэдийг 70 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. 2009 онд Хэнтий аймгийн Батширээт суманд сүү боловсруулах салбар үйлдвэр, 2011 онд Орхон аймгийн Эрдэнэт хот дахь “Эрдэнэт Сүү Эко” салбар үйлдвэрийг ашиглалтад оруулж, өртгөтгөл хийв. “Сүү” ХК 2500 малчид, фермерүүдээсээ жил бүр дунджаар 20 сая литр сүү татан авч боловсруулж байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны бүхий л үе шатыг ISO9001, ISO22000, ISO45001, OHSAS18001 стандартуудын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, байнгын сайжруулалтыг хангасаар ирсэн.

“Сүү” ХК алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ эрхэмлэн хүндэтгэж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн төлөө эрүүл, чанартай, баталгаатай хүнс үйлдвэрлэхийн зэрэгцээ байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл бүхий тогтвортой хөгжлийн бодлого баримтлан, үйл ажиллагаагаа улам бүр сайжруулан ажиллаж байна.