Мэдээ мэдээлэл

Максчуудын нэг өдөр: Хууль, Эрх Зүйн алба

Тэдний ажил өглөөний Stand –Up  уулзалтаар эхэлдэг. Энэ үеэр өмнөх өдрийн ажлын бүтээмж, тулгамдаж буй асуудал, тухайн өдрийн төлөвлөгөөгөө ярилцаж, харилцан бие биедээ шинэлэг мэдээлэл өгдөг байна. Хууль Эрх Зүйн Албаныхан яг одоо Группийн хэмжээний эрсдлийн бодлого боловсруулах, Зөрчлийн хуулийн танилцуулга болон эрх зүйн маргаантай томоохон хэргүүд дээр төвлөрөн ажиллаж байна.  

 

4-р сард “Макс Импэкс”-ийн "Шилдэг Бүтээмжтэй хамт олон"-оор шалгарсан тэдний онцлох арга барилын нэг бол  Trello програм.  Ажил үүргээ ухаалгаар удирдахын тулд жижиг хэсэг бүрийг хаялгүйгээр анхаарах, мэдээллээ  хялбар солилцох боломжийг энэ програм олгодог бөгөөд дэс дараатай, эмх цэгцтэй төлөвлөх, зохион байгуулах, хянах боломжийг олгодог гэлээ. Та бүхэнд Хууль, Эрх Зүйн Албаныхны нэг өдрийг танилцуулж байна.

             

            Танай албаныхны ажлын онцлох арга барил юу вэ?

Багийн ажиллагаа. Асуудал бүр дээр багаар хамтран ажилладаг. Ажил үүргийн хуваарийн хувьд өөрт  нь хамааралгүй ажил байсан ч нэг нэгэндээ зөвлөгөө өгч, саналаа солилцож, дутуугаа нөхөж ажилладаг.

Цаг хэмнэх, Илүү бүтээмжтэй байх хамгийн сайн арга юу вэ?

Д.Нэрэнцогт: Тухай бүрт нь цаг алдалгүй шийдвэрлэх, эрсдлийг бууруулж, урьдчилан сэргийлэх бол хамгийн бодитой цаг хэмнэлт байдаг.

М.Өлзийбат: Төлөвлөлт, бүртгэл, ажлын хуваарилалт. Ажлаа ач холбогдлоор нь ангилж, цаг хугацааны дарааллыг зөв тогтоох, ажлын ач холбогдлыг зөв үнэлэх гэж боддог.  

Танай ажиллаж буй ажил болоод салбарын онцлог нь юу вэ? Эерэг сайхан болоод хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?

М.Өлзийбат:  Хуульч биднээс өгсөн санал, дүгнэлт, зөвлөгөө, чиглэл нь аливаа асуудлын үр дагавар, хэн нэгнээс гарах шийдвэрт шууд нөлөөлж байдаг учир алдах эрх байхгүй онцлогтой. Мөн хуульчийн мэргэжил нь туршлагынхаа явцад олон төрлийн мэргэжлийн ур чадваруудыг өөртөө шингээж байдгаараа онцлогтой байдаг. Нэг ч гэсэн хүнд тусалж, асуудлаас нь хуваалцсанаар эерэг сайхан мэдрэмжийг авдаг нь миний мэргэжлийн сайхан тал нь гэж боддог. Хэцүү бэрхшээлтэй зүйл нь янз бүрийн асуудал руу орж, таагүй зүйлтэй хутгалдаж, сөрөг мэдрэмж авах гээд байдаг. Мөн оюун санааны өндөр ачаалалтай ажилладаг учир бухимдах, стресстэх тохиолдол цөөнгүй.  Ер нь л аливаа зүйлийг дандаа сөрөг талаас нь харах муу зан суух гээд байдаг нь хэцүү.

Д.Нэрэнцогт: Групп маань олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай баг бүхий л үйл ажиллагаанд нь оролцох, зөвлөх , хяналт тавих чиг үүрэгтэй байдаг. Тиймээс ч амьдрал баялаг гэдэгтэй адилаар олон сонирхолтой case гарч ирдэг.

Та хийж буй ажлынхаа юугаар илүү их бахархдаг вэ?

Д.Нэрэнцогт: Хуульчид бидэнд компанийн болоод нийтийн төлөө хүлээх хариуцлага, ёс зүй байдаг. Хуульч нэрийн ард асар их хариуцлага байдаг.

М.Өлзийбат: Бурууг залруулах, үнэнийг дэнслэх, хэн нэгнийг хальтрихаас сэргийлж ажиллаж байгаагаараа бахархдаг.

 

Та өөрийгөө нэг үгээр тодорхойлбол?

Д.Нэрэнцогт: Зарчимч

М.Өлзийбат: Тэвчээр

Ажиллаагүй үедээ таны амьдрал хэрхэн өрнөдөг вэ

Д.Нэрэнцогт:  Сонирхдог спортын төрөл, гэр бүл, ном, судалгаа, аялал гээд өөрийгөө зүгээр суулгадаггүй.

М.Өлзийбат: Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын дунд бусдын л нэгэн адил амьдрал өрнөдөг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Д.Нэрэнцогт: 3-р ангид байхад, хүндээр өвдөөд шаналж буй ээж маань “Хуурамч худлаа замаар явбал амжилтанд хүрэхгүй тул зөв яваарай” гэж захисныг алхам тутамдаа мөрдсөөр явна. Бурханы авралаар ээж маань одоо ч хажууд минь түшиг болсоор яваа нь зөв явсны шагнал гэж боддог.  

М.Өлзийбат: Эцэг эх, багшаасаа авч байсан зөвлөгөө л хамгийн сайн зөвлөгөө байдаг.

 

Анх ажилд орж байсан дурсамжаасаа хуваалцвал 

М.Өлзийбат: Анх Макс групп-т мэргэжлээрээ биш Топ бүлэг ХХК-д тасгийн даргаар ажилд орж байлаа. Энэ олон залуучуудыг яаж удирдан чиглүүлэх вэ л гэж бодож байсан. Дараа нь компанидаа мэргэжлээрээ ажиллах боломж олдсонд маш их баярладаг.

Д.Нэрэнцогт:  Хамт олны маань нөхөрсөг харилцаа ажилд анх орсон надад гүн сэтгэгдэл үлдээж байлаа.

Ажлын хувьд, таны ирээдүйд хийж бүтээхээр зорьж буй зүйл

М.Өлзийбат: Макс группийг эрх зүйн хувьд эрсдэл багатай болгох нөхцлийг бүрдүүлэх.

Д.Нэрэнцогт:  Нийгэмд хамаарах хуулийн төслүүдээс гадна группийн хэмжээнд Эрх зүйн нийцлийн бодлого, Эрх зүйн эрсдлийн бодлого, Авлага барагдуулах журам тус тус боловсруулах төслүүд дээр ажиллаж байна.

Макс Импэкс, Бүтээмжийн баг