Их хөдөлмөрийн баяр наадмаа нутгийн түмэн олонтойгоо сайхан тэмдэглэн өнгөрүүллээ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Макс Группийн ерөнхийлөгч, Тод манлай уяач Д.ГАНБААТАРЫН “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР”-ын цолны мялаалга наадам 8 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд уугуул нутагтаа өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.

Илүү сайхан Монголын төлөө уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг Макс Группийн 30 жилийн ой энэ жил тохиож буй. Эх орондоо баялаг бүтээж, олон ам бүлийн ар талыг бат найдвартайгаар түшиж буй Макс Группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар 2020 онд “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цол тэмдгээр энгэрээ мялаасан. Энэ шагнал нь эзнээ олсон ид бүтээж байгаа насан дээр нь илүү ихийг хийх урам зориг өгсөн тод томруун шагнал гэдгийг олон нийт дуу нэгтэйгээр өгүүлж байсан цаг саяхан. Тус хүндэт шагналаар энгэрээ мялаахад нь хамгийн ихээр уухайлан баярласан хүмүүс уугуул нутаг буюу Говь-Алтай аймгийн ард иргэд байсан гэхэд хилсдэхгүй. Бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, эх орны үйлдвэрлэлийг манлайлан буй нутгийн хүүгээрээ бахархах ард иргэддээ зориулсан цолны мялаалга наадам энэ сарын 05, 06-ны өдрүүдэд нижгэр сайхан болж өнгөрсөн юм.

Говь–Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар, Баян-Уул сумын засаг дарга Б.Бат-Эрдэнэ болон аймаг сумын удирдлага, наадмын комиссын дэмжлэгтэйгээр сэтгэл шингэсэн өргөн дэлгэр наадмыг амжилттай зохион байгууллаа.

2 өдрийн турш үргэлжилсэн наадам Монгол ёс заншлыг дээдэлсэн эрийн гурван наадам, урлаг соёлын арга хэмжээгээр үргэлжилж, Говь-Алтай, Завхан, Төв, Баянхонгор, Ховд, Увс, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг 8 аймгийн 20 гаруй сумын уяачдын 472 адуу бүртгүүлж 6 насны хурдан шандаст хүлэг торгон жолоо өргүүллээ.

  • Эдгээрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, аймгийн алдарт уяач М.Цагаанбаатарын хээр зүсмийн азарга
  • Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат, аймгийн алдарт уяач Р.Цогтбаяр уяачийн халтар зүсмийн их нас
  • Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн алдарт уяач Д. Бадрахын хүрэн зүсмийн соёолон,
  • Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Зандансүрэнгийн хээр зүсмийн хязаалан
  • Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Б.Батболдын хээр халтар шүдлэн
  • Ховд аймгийн Цэцэг сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Ган-Эрдэнийн хул халзан зүсмийн даага тус тус тэргүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Оролцсон морьдын хувьд улсдаа тэргүүлэх шандаст хурдан хүлгүүд байсан ба Дээд гурван насны түрүү морийг 10 сая төгрөг мөн МАКС угшлын хурдан удмын адуугаар байлсан нь улсын бүсийн наадамтай дүйцэхүйц сэтгэл шингэсэн бай шагнал байлаа.

Макс Группийн тод манлай уяачид аймаг, орон нутагтаа хурд хуваалцахаар түрүүлсэн 6 байны бага адуунаас гадна 8 бага адууг аваачиж аймаг сумандаа хурд хуваалцсан юм. Эдгээр адуунаас 2-г нь сугалаанд сугалуулж мялаасан бол үлдсэн бага адууг хараахан айргийн тавд багтаагүй ч сумаасаа түрүүнд ирсэн Говь-Алтай аймгийн  Баян-Уул сумын морьдын уяачдад гардуулж өгөв. Бага адууг зөвхөн орон нутагтаа амьдарч хурдан морьдоо уяж, уясан морь нь орон нутагтаа наадамд давхиж буй уяач эздийг сонгож олгосон юм.

  • Говь-Алтай аймгийн, Хөх морьт сумын уяач Х. Даваахүүд хондон зүсмийн Азарга
  • Говь-Алтай аймгийн, Хөх морьт сумын уяач Д. Тэрбиш-д Буурал зүсмийн Их нас
  • Т. Ганзоригт Хээр зүсмийн Соёолон
  • Говь-Алтай аймгийн, Баян–Уул сумын уяач М.Анхманлайд Халиун зүсмийн Хязаалан
  • Говь-Алтай аймгийн, Баян–Уул сумын уяач А.Цэрэнхүүд Хүрэн зүсмийн Шүдлэн
  • Говь-Алтай аймгийн, Баян–Уул сумын уяач Н Отгонбаярт хээр зүсмийн даага зэрэг МАКС угшлын хурдан удмын бага адууг хурд хувааж өглөө.

Мөн сур харвааны үеэр хурд хуваах сугалаа явуулж 2 мэргэн харваачид хурд хуваах хурдан адууг бэлэглэсэн юм. Сур харваан наадамд улсын цолтой 2 мэргэн, аймгийн 10 гаруй мэргэн харваачаас бүрдэх алдар цолтой 80 гаруй харваач цэц мэргэнээ сорин оролцож хурц мэргэнээ тодруулсан юм.

Эрэгтэй харваачдаас Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат ТАА харваачдын холбоо Хантайшир зурхай, АПУ трейдинг ХХК-ын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Сэнгийн  Сүрэнжав тэргүүлж, эмэгтэй харваачдаас Ховд аймгийн Мөст сумын уугуул Жаргалт сумын харьяат Ховд аймгийн ДЦС, Би Эм Жи Юу компани, Алтайн шонхор багийн харваач Эрхэмбаярын Мөнхзул нар тэргүүлж шагнагдав.

Эр чадал, ид хаваа гайхуулсан хүчит бөхийн барилдааны Их шөвөгт улсын заан Б.СОРОНЗОНБОЛД, улсын начин Б.САНГИСҮРЭН нар тунаж үлдэв. Түрүү бөхөөр шалгарсан Монгол Улсын Заан Б.БАТ-ӨЛЗИЙ-д 10 сая + хурдан удмын бага адуу, Үзүүр түрүү бөхөөр шалгарсан улсын начин Б.ЛХАГВАДОРЖ-д 6 сая, их шөвгийн хоёр бөхөд гурав гурван сая төгрөгийн байг хүртээлээ.

Наадмын онцлох зочдын нэг Наро Ванчин гэгээнтэн иргэдэд бурхны ном айлдсан бөгөөд Ардын хувьсгалын түүхэн 100, 101 жилийн ойн баяр наадмын түрүү бөх О.Хангай Хөдөлмөрийн баатрын урилгаар хүрэлцэн ирсэнд нутгийн зон олон машид талархалтай хүлээн авсан юм. Наадмын үйл ажиллагааг MNC телевиз 2 өдрийн турш улс олон даяар шууд дамжуулан хүргэлээ. Мөн сумын удирдлага Баян-Уул сумын иргэдтэй хамтран худалдаа наймааны бизнес, хоол үйлчилгээгээр үйлчилж наадамчин олноо баярлууллаа.

Энэ үеэр Макс Групп нийгмийн хариуцлагын хүрээнд 60-аас дээш насны 170 ахмадад гарын бэлэг, 0-11 насны 671 хүүхдэд нэрийн бэлгийг гардууллаа. Наадмын урлагийн арга хэмжээнд олон уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөж наадамчин олноо цэнгүүлсэн юм.

Ийнхүү их бүтээн байгуулалтын эзэн болсон Макс Группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР”-ын цолны мялаалга наадам магнай тэнэгэр, тэнгэр цэлмэг, сэтгэл уужим сайхан болж өнгөрлөө.

Leave a Reply

Your email address will not be published.