“Макс” Группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, “Макс” Группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор энгэрээ мялаалаа. Монгол улсын хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж, Монголын бизнесийн салбарт 30-аад жил үр бүтээлтэй хөдөлмөрлөн, хүнс үйлдвэрлэл, худалдаа, хөдөө аж ахуй, зам, аялал жуулчлал, барилга бүтээн байгуулалтын чиглэлээр салбараа түүчээлэн хөгжүүлсний дүнд энэхүү эрхэм хүндэт шагналыг хүртлээ.

Д.Ганбаатар Ерөнхийлөгчийн бизнесийн замналыг товчхон дурдахад:
Тэрбээр ажил, амьдралын түшиг тулгуур, тэрсхэн өссөн ах Д.Цэрэнжигмэдийн хамт ээжийнхээ оёдлын машинаар тарваганы арьсан малгай, шуба оёж, улмаар МУ зах зээлийн нийгэмд шилжсэн 90-ээд онд “Дөргөн” хэмээх хувиараа эрхлэх аж ахуйг байгуулан, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн гуанзанд хуушуур хийн, худалдаалж эхэлснээр бизнесийнхээ үндэс суурийг тавьсан түүхтэй. Ийнхүү жижиглэн худалдаа, хоол үйлдвэрлэлээс эхэлсэн бизнес өргөжин өргөжсөөр үндэсний манлай үйлдвэр “Сүү” хувьцаат компани, хөдөө аж ахуйн жишиг цогцолбор ферм, аялал жуулчлал, зам, барилга бүтээн байгуулалт, уул уурхай, газрын тосны чиглэлээр 20 гаруй компанийг нэгтгэн, 2500 гаруй ажлын байрыг бий болгоод байна.

Анхны түргэн хоол “Берлин бургер”, анхны сүлжээ дэлгүүр “Макс” супермаркет, анхны франчайз дэлхийн сүлжээ зочид буудал байгуулсан гээд МУ-ын бизнесийн салбарт томоохон дэм, түлхэц болсон чухал алхмуудыг зоригтойгоор хийж чадсан гавьяатай.
Дэлгүүрийн лангууг импортын шар сүү эзэлсэн 2006 оны үед Сүүний үйлдвэрийн хувь заяа ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан яг тэр үед “Макс”-ын ахан дүүс нэгэн зоримог, басхүү буянтай гэж тодорхойлмоор шийдвэр гаргасан юм. “Монголчууд олон сая малтай хэрнээ гадаадаас үнэтэй сүү худалдан авч уух ёсгүй” гэж тэд боддог. Ингээд нийслэлийн өмчид харъяалагдаж байсан, ууган үйлдвэр “Сүү” ХК-д хөрөнгө оруулалт хийснээр сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж сайжирч, малчдаас сүү татан авах чадавх нэмэгдэн, улмаар үйлдвэрлэлийн хэмжээ өсөж, импортын сүүг монголын зах зээлээс амжилттай шахан гаргасан юм. Түүний энэ шийдвэрийн ачаар өнөөдөр Монгол компаниуд өөрсдөө дотоод зах зээлээ бүрэн хангахын зэрэгцээ сүү, сүүн бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлохоор зэхэж байна. Өнөөдөр “Сүү” ХК Улаанбаатар хотын сүүний хэрэглээний 70 гаруй хувийг дангаараа хангаж, 50 гаруй нэр төрлийн тараг, зайрмаг, уламжлалт цагаан идээг орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэж, Монголын сүү сүүн бүтээгдэхүүний салбарын хөгжлийг тодорхойлогч болон хөгжихийн зэрэгцээ 2500 гаруй сүү бэлтгэн нийлүүлэгч малчид, тэдний гэр бүлийн тогтмол орлого, амжиргааны эх үүсвэр болж буй буянтай бизнес юм.
2009 онд эхэлсэн замын бүтээн байгуулалт үргэлжилсээр Өндөр хаан, Мөнххаан чиглэлийн зам, Дорнодын газрын тос зөөвөрлөх зам, Эрдэнэс Таван Толгойн нүүрс тээвэрлэх зам, Хөшгийн хөндийн хурдны замууд гэхчилэн 600 гаруй километр, стандарт шаардлагад бүрэн нийцсэн, “чанартай” зам тавьчхаад байна. Монголчууд өөрсдийн гараар, Монгол компани дан ганц өөрийн хүч хөдөлмөр, хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж чадна гэдэгт тэрбээр бат итгэдэг, чадна гэдгийг ч харуулсаар яваа нь энэхүү бүтээн байгуулалт юм.

“Макс” групп “Илүү Сайхан Монголын төлөө” хэмээх уриатайгаар хэзээд зөв хандлагатай, зөв компани байж, нийгэм, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, эерэг нөлөөтэй байхыг эрхэмлэдэг.
2015 онд АНУ-д зохион байгуулагдсан “Breeders’ Cup Turf Sprint G1” дэлхийн дээд чансааны уралдаанд “Макс” Группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод Манлай уяач Д.Ганбаатарын сойсон “Mongolian Saturday” буюу “Монголын Бямбаа” нэртэй жавхлан төгс, шандаст хурдан хүлэг түрүү магнайд давхиж, дэлхийд аваргалан, морьтон монголчуудын дэлхийд хурд, хүчээ цуурайтуулах их мөрөөдлийг биелүүлсэнд монголчууд талархдаг билээ. Түүний ачаар Монгол уяачийн сойсон олон сайхан хүлгүүд АНУ-ын дэвжээнд 60 гаруй түрүүг аваад байна. Ийнхүү тэрбээр Монгол уяачийн хосгүй чадварыг дэлхийд гайхуулахаар зүтгэж яваа, Монгол уламжлал, монгол бахархлаа эрхэмлэгч иргэн хүн юм.
Монгол орны баруун бүсийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө эрчим хүч, зам, барилга, уул уурхайн чиглэлийн хэд хэдэн оновчтой, үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлээд, эхлүүлээд явж буйг нэмэн мэдэгдэхэд таатай байна. Жишээ дурдахад, Монгол орны баруун бүсэд 200-300 ажлын байр бий болгох зорилготой жилд 180 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн төслийг мөн 2019 онд эхлүүлээд байна.
“Илүү Сайхан Монголын төлөө”-х Д.Ганбаатар Ерөнхийлөгчийн эрхэм үйлс дэлгэрэн цэцэглэх нь болтугай!

“МАКС” Групп 2020.09.25
Leave a Reply