Макс Группийн 30 жилийн ойн нэрэмжит Өсвөрийн улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Макс Группийн 30 жилийн ойн нэрэмжит “Өсвөрийн Улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээн”-ийг Техник спортын төвд 2022 оны 3-р сарын 16-19-ний өдрүүдэд олон улсын буудлагын холбооны шинэ дүрмийн дагуу амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнийг Макс Групп 16 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн ба үүнээс шагналт байранд шалгарсан 60 тамирчин, оноогоор тэргүүлсэн 3 байгууллагыг шагнаж урамшуулсан байна.

Тус тэмцээнд Хөвсгөл, Дундговь, Булган, Хэнтий, Орхон, Дархан аймгуудаас, Сонгинохайрхан, Баянгол зэрэг дүүргээс, ТСТ болон Аварга, Том Босс зэрэг 13 байгууллагын 80 гаруй тамирчид урт буу, гар буу, холимог болон багийн гэсэн 6 төрлөөр өрсөлдөж нийт дүнгээр Сонгино хайрхан дүүргийн баг алтан медаль, Орхон аймгийн баг мөнгөн медаль, Хэнтий аймгийн баг хүрэл медаль хүртэж, аваргуудаа тодрууллаа.

Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь өсвөрийн тамирчдын 70% нь анхлан суралцагчид буюу анхны тэмцээндээ орж байгаа шинэ залуу тамирчид байсан ба хамгийн бяцхан тамирчин нь 11 настай, Булган аймгийн оролцогч байв. Энэхүү тэмцээнээс Аварга куб тамирчин Э.Номин спортын дэд мастер, Буудлагын спортын зэрэгтэй 10 тамирчин төрөн гарлаа. Эдгээр авьяаслаг, залуу тамирчдаас ирээдүйн олимп, дэлхийн аварга, олон улсын хэмжээний тамирчид төрөн гарна гэдэгт итгэл төгс байна.

“МБСХ-ны Дэд Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир хэлэхдээ: Монгол Улсын хэмжээнд цар тахлаас болж тэмцээн уралдаан явагдахгүй удсаны эцэст Макс Групп салхийг хагалж уламжлалт тэмцээн маань явагдаж эхэллээ. Цаашдаа бид өсвөр насны тамирчдыг дэмжиж, шинэ сайн буудагчдыг гаргаж ирэхэд ажиллана” гэв.

Макс Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд улс аймгийн хэмжээнд жүдо бөх, газрын теннис, буудлага, сагсан бөмбөг, шатар гэх мэт олон төрлийн спортын тэмцээн, уралдааныг тасралтгүй ивээн тэтгэсээр ирсэн. Энэхүү ажлын хүрээнд 2007-2015 оны хооронд 8 жилийн хугацаанд Макс Группийн нэрэмжит “Макс Трофи” буудлагын спортын тэмцээнийг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн 3 ангиллаар зохион байгуулж нийтдээ 1165 тамирчин шагналын тавцанд зогсож урам зориг авсан билээ.
Медальт байранд шалгарсан баг тамирчиддаа болон багш дасгалжуулагч нарт халуун баяр хүргэж, спортын өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Leave a Reply