Holiday In зочид буудал Монголд нээлтээ хийлээ
“Макс Групп” дэлхийн хамгийн анхны зочид буудлын сүлжээ брэнд болох “Холидэй Инн” зочид буудлыг Улаанбаатар хотод нээлээ. “Холидэй Инн” зочид буудал нь “Интерконтиненталь Хотэлс Групп”-ийн сүлжээ буудлуудын нэг юм. “Интерконтиненталь Хотэлс Групп” нь дэлхийн 100 гаруй оронд 12 брэндийн 5099 сүлжээ зочид буудалтай, нийт 754,265 зочид буудлын өрөөтэй юм


2015 оны зургадугаар сард анхлан “Макс Групп” нь “Интерконтиненталь Хотэлс групп”-ыг сонгон хамтран ажиллах гэрээг үзэглэж байсан бол өнөөдөр Чингэлтэй дүүрэгт байрлах 20 давхар 169 өрөөтэй “Холидэй Инн” Улаанбаатар зочид буудлыг дэлхийд танигдсан брэнд стандартынх нь дагуу барьж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
“Холидэй Инн” Улаанбаатар зочид буудал нь амралт, чөлөөт цагийг өнгөрөөх дэлхийд алдартай Тэкно жийм брэндийн төхөөрөмжөөр тоноглогдсон чийрэгжүүлэх танхим, спа гоо сайхны салон, хуурай болон уурын саунтайгаас гадна мөн бизнесийн үйл ажиллагаанд нийцсэн зочид буудал бөгөөд дотроо орчин үеийн чөлөөт шийдэл бүхий ресторан, дэвшилтэд технологиор бүрэн тоноглогдсон хурлын заалнууд, 250 хүн хүлээн авах хүчин чадалтай хүлээн авалтын танхимтай.

Нээлтийг тохиолдуулан Макс группийн удирдлагууд хүүхэд асрах төвийн бүтэн өнчин 30 хүүхдэд тус бүр 500,000 төгрөгийн хадгаламж нээж өглөө.Энэхүү хандивын аяныг 2011 оноос эхэлсэн ба өнөөдрийн байдлаар хүүхэд асрах төвийн 150 гаран хүүхдийг тус бүр 500,000 төгрөгийн хадгаламжтай болгоод байгааг дуулгахад таатай байна. Хадгаламж нээлгэсэн хүүхдүүд эхнээсээ насанд хүрч тухайн хадгаламжаа орон гэртэй болохдоо зориулсан тухай талархлын захидал ирүүлсээр байгаа билээ.

Макс групп өнгөрсөн хугацаанд “Макс таур”, “Хийморь” цогцолбор, “Максмоол” худалдааны төв, “Элеганс таун”, Хийморь 11, 13, 19 зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн ба энэ ажлуудын үргэлжлэл болох “Holiday Inn” сүлжээ зочид буудал болон “220K Residense” тансаг зэрэглэлийн орон сууцаа чанарын өндөр төвшинд барьж, нэгэн зэрэг ашиглалтад оруулан хамтатган нээлтээ хийлээ.

