Макс группийн зүгээс ажилтнуудынхаа нийгэм, ахуйн асуудлыг шийдвэрлэх, ажлыг нь үнэлж, урамшуулах зорилгоор дараах хөнгөлөлт, урамшууллыг олгодог.

Ажилтнууддаа хоол, унаа, утасны төлбөр, ажилласан жилийн нэмэгдэл болон салбар компаниудаас хөнгөлөлттэй үнээр худалдаа хийх, үйлчилгээ авах зэрэг хөнгөлөлтүүдийг үзүүлдэг. Мөн харилцагч санхүүгийн байгууллагаас цалингийн болон бусад төрлийн хэрэглээний зээл авах боломжийг олгодог. Үүнээс гадна удирдах түвшний ажилтнуудад хангамж, хөнгөлөлтийн багцын бодлогыг хэрэгжүүлж байна.

Аливаа ажилтан гэр бүлийнхээ үнэ цэнэтэй гишүүн байдаг тул бид аль болох ажилтнуудынхаа амьдрах орчин нөхцлийг сайжруулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Тухайлбал, иж бүрэн монгол гэр олгох, 1-2 өрөө орон сууц үнэгүй олгох, орон сууц худалдан авахад нь хөнгөлөлт үзүүлэх, ажилтны гэр бүлийн өвчтэй гишүүдэд болон гачигдал, зовлон тохиолдсон үед туслаж дэмжих, эмчилгээ хийлгэхэд зуучлах, компанийн зусланд гаргах, хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төлөх, гэр бүлийнхэнд нь зориулж сургалт явуулах, тэмцээн, баярын үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг болно.

Жил бүр шилдэг ажилтнуудын төлөөллийг гадаад оронд аялуулж, төр, нийгмийн томоохон шагналуудад тодорхойлж, мөнгөн шагнал урамшуулал олгодог. Мөн олон жил тогтвортой ажилласан ажилтнуудаа урамшуулан “Талархлын хадгаламжийн данс” нээж өгдөг.

Ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллах орчин нөхцлийг нь эрүүл, цэвэр байлгахын зэрэгцээ жил бүр эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулдаг. Мөн спорт цогцолбортой хамтран ажиллаж сагсан бөмбөг, одон бөмбөг, бүжиг, аэробек зэрэг спортоор хичээллэх боломжоор бүрэн хангаж өгдөг.

Гэр бүлээ зохиосон, ам бүл нэмсэн болон ажилтан хүнд өвчин туссан, гэр бүлд нь зовлон бэрхшээл тулгарсан үед мөнгөн тусламж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр туслаж дэмждэг.

Ажилтнуудаа мэргэжлийн болон хувь хүний хувьд хөгжүүлэх үүднээс шаардлагатай сургалтанд системтэйгээр тогтмол, тасралтгүй хамруулдаг.

Хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэх, бэхжүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг хангах үүднээс олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тухайлбал, тэмдэглэлт баяруудыг хамт олноороо тэмдэглэн өнгөрүүлэх, зуны амралт зугаалга, цасны баяр, урлагийн наадам, дотоод, гадаадын аялал, “Max Cup” спортын өдөрлөг.
Мөн ажилтнууд өөрсдийн сонирхлын хүрээнд нэгдэж хайкинг клуб, англиар яригчдын клуб зэргийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд компанийн зүгээс энэ тал дээр хамтран ажиллаж байна.