“Сүү” ХК нь дэвшилтэт технологи, бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий SUU 2.0 шинэ үйлдвэрээ албан ёсоор ашиглалтад орууллаа.
Нийт 2,590.6 м² барилгажих талбай бүхий тус үйлдвэр нь түүхий сүү хүлээн авахаас эхлээд боловсруулах, ариутгах, савлах хүртэлх үйлдвэрлэлийн үндсэн дамжлагыг нэгдсэн системд нэгтгэснээр бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн үр ашгийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах боломжийг бүрдүүлж байна.
SUU 2.0 үйлдвэр ашиглалтад орсноор “Сүү” ХК-ийн хоногт боловсруулах сүүний хэмжээ 200 тонноос 400 тонн болж, үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ. Ингэснээр бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэх, хүүхдэд зориулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах боломж нэмэгдэж байна.
1958 оноос эхтэй “Сүү” ХК-ийн олон жилийн туршлага, орчин үеийн технологийг хослуулсан энэхүү төсөл нь Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын хөгжил, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
“Эрүүл монгол хүний төлөө” уриатай “Сүү” ХК нь шинэ үйлдвэрээрээ дамжуулан чанартай, аюулгүй сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүртээмжтэй хүргэх, дотоодын үйлдвэрлэлийг бэхжүүлэх зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.