“MJ-CUP” 2026 ТЭМЦЭЭНИЙГ “МАКС ГРУПП” ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА
2026-10-05
“Макс Групп” нь “Бахархалт Монгол” бодлогынхоо хүрээнд Монголын спортын ирээдүй болсон өсвөрийн тамирчдыг дэмжих, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, спортын зөв хандлага, тэсвэр хатуужлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тэмцээн, уралдааныг тогтмол дэмжин ажилладаг.
Энэ хүрээнд өсвөрийн тамирчдын ур чадвараа сорих, өрсөлдөх туршлага хуримтлуулах, цаашдын амжилтын сууриа бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “MJ-CUP” 2026 өсвөрийн чөлөөт болон жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Макс Групп” болон “Цэнгазар” ХХК хамтран нийт 50 сая гаруй төгрөгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Тэмцээний үеэр “Олон улсын ахмад”-ын өдрийг тохиолдуулан “Эм жи Нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч Н.Лхамсүрэн болон “Макс Групп”-ийн Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд нар ахмад дасгалжуулагч, тамирчдад хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналаар урамшууллаа.
Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээд 10 сая төгрөгийн урамшуулал гардуулсан юм.
Өсвөрийн чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх, залуу тамирчдыг дэмжихэд оруулж буй “Макс Групп”-ийн хувь нэмрийг Монголын Чөлөөт бөхийн холбооноос өндрөөр үнэлж, холбооны дээд шагнал болох “Ялалт” одонгоор Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Макс Групп”-ийн Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэдийг шагналаа.
“Макс Групп” нь “MJ-CUP” тэмцээнийг дөрөв дэх жилдээ дэмжиж буй бөгөөд энэ хугацаанд нийт 80 сая гаруй төгрөгөөр санхүүжүүлж өсвөрийн тамирчдад тэмцээн уралдаанд оролцох, ур чадвараа сорих, туршлага хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулаад байна.
Энэ жилийн “MJ-CUP” 2026 тэмцээн цар хүрээгээ тэлж, ОХУ болон БНХАУ-ын ӨМӨЗО-оос өсвөрийн тамирчид хүрэлцэн ирж, тэмцээнд хүч сорин оролцож байгаа нь тус тэмцээн олон улсын оролцоог нэмэгдүүлж буйг ийнхүү харуулж байна.
БАХАРХАЛТ МОНГОЛ – ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫН ТӨЛӨӨ🇲🇳