Ирээдүйн гялалзах одууд амжилтаа ахиулсаар байна

Макс группийн нэрэмжит “Ирээдүйн Од” өсвөр үеийн талбайн теннисний тэмцээн 2015.02.04-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд хот, хөдөө орон нутгаас 11 багийн 90 орчим тамирчид 4-н насны /8, 9, 10, 11 нас/ ангиллаар нийт 36-н багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан. Нийтийн биеийн тамирыг сурталчлах, улмаар шинэ залуу тамирчдыг бэлтгэн гаргах зорилгоор Макс Групп спортын арга хэмжээ, тэмцээн уралдаануудыг тогтмол дэмжин спортын холбоодуудтай хамтран ажилладаг. Үний нэг нь ирээдүйд талбайн теннисний спортоор тив, дэлхийн хэмжээний тамирчид бэлтгэн, Монгол улсынхаа нэрийг олимпийн наадмууд, “Уимблдон” болон Австрали, Америк, Францын нээлттэй аварга шалгаруулах “Их дуулга”-д дуурсгах хэтийн зорилготойгоор 2013 оноос эхлэн МТТХолбоотой хамтран талбайн теннисний өсвөрийн тэмцээн уралдаануудыг тогтмол зохион байгуулан оролцож буй хүүхдүүдийн идэвхийг нэмэгдүүлэх, урамшуулах үүднээс шагналын санг өндөр байлгадаг.
Аливаа спортыг хөгжүүлэх зөв гарц нь тамирчдыг багаас нь хөгжүүлж сургах байдаг. Монголын талбайн теннисний холбоо Макс Групптэй хамтран хүүхдийн шигшээ багийг 11 хүртэлх насны хүүхдүүдээр бүрдүүлэн Олон улсын теннисний холбооноос хэрэгжүүлж буй “Мини Теннис” хөтөлбөрийн дагуу бэлтгэл сургуулилтууд хийгдэж байгаа. Шигшээ багийн бэлтгэл сургуулилтууд үр дүнгээ өгсөн нь Олон улсын тэмцээн уралдаанаас алт, мөнгөн медалийн эзэд эхнээсээ тодорсон, “Ирээдүйн Од” өсвөр үеийн талбайн теннисний тэмцээний өрсөлдөөн ширүүсч, тоглолтууд илүү сонирхолтой, оролцсон тамирчдын чансаа ахисанаар харагдаж байна.