2019 оны “Шилдэг удирдагч”, “Мастер Фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С. Хонгорзул

“Макслаг сэтгэлгээний нэг чухал ойлголт бол өөрийн ажилдаа эзний ёсоор хандах хандлага. Аль нэг хөндлөнгийн компанид, хэн нэгэн эзнийг хөрөнгөжүүлэх гэж ажиллаж байна гэх үзлээс салж, өөрийн ажил амьдралаа сайжруулж, ирээдүйн орлого амжиргаагаа тогтвортой байлгахад зориулж ажиллаж байна гэдэг эерэг бодолтой болох хэрэгтэй.”

Макс Групптэй ажил, амьдралаа холбосон түүхээ хуваалцана уу. Макс Групп-т ажиллаад хэдий хугацаа өнгөрч байгаа болон группийн талаарх анхны сэтгэгдэлээсээ хуваалцана уу?

2017 оны 5 сард Макс Хүнс ХХК-д Супермаркет хариуцсан дэд захирлаар ажиллаж эхлэсэнээс хойш Макс Групптэй ажил амьдарлаа холбоод 2 жил гаран 3 дах жил рүүгээ дөхөж байна. 3 жил их хурдан өнгөрчээ, бага хугацаа мэт сонсогдовч ихийг хийж бүтээх боломжтой цаг хугацаа гэж би боддог.

Макс Группд анх ороход надад хамгийн содон шинэхэн зүйл нь Монгол өв, уламжлалаа дээдэлсэн соёл нь их сайхан санагдаж, Монгол үндэстэн гэдэг ялгарал, бахархал төрж байсан.

Макс Группийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс нь таны өдөр тутмын ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

“Илүү Сайхан Монголын Төлөө” гэж тодорхойлсон Макс группийн эрхэм зорилго миний өдөр тутмын ажилд маш том нөлөө үзүүлдэг.

Улс орон гэдэг иргэн, өрх гэрээс бүрэлддэг. Иргэн, өрх гэр бүр тогтвортой орлоготой байвал Монгол улс маань илүү сайхан болох учраас ажилтнуудыхаа ажил, амьдралд их бага гэлтгүй эерэг өөрчлөлт, нөлөөллийг ажлаараа дамжуулан үзүүлэх гэж хичээдэг. Хүн зөвхөн хувийхаа сайн сайхны төлөө ажиллаж, амьдарвал маш харамсалтай, тиймээс эргэн тойронд байгаа хүмүүстээ эерэг нөлөөлөл үзүүлж түүнээсээ сэтгэл ханамж авдаг байгаасай гэж хүсэж байна.

Та 2019 оны группийн шилдэг удирдагч гэдэг эрхэм хүндтэй шагналыг хүлээн авсан. Таны бодлоор удирдагч хүн ямар зан төлөв, дадал хэвшилтэй байх ёстой? Удирдагч хүний ялгарах онцлог гэж байх уу?

Өнөөгийн нийгэм асар хурдацтай хөгжиж байгаагаас шалтгаалаад хүмүүсийн зан төлөв, сэтгэлгээ, амьдралын хэмнэл мөн л өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Энэ нь Удирдах түвшний хүмүүст цаг үетэйгээ хөл нийлүүлж, өөрчлөгдөх томоохон сорил болж байгаа. Өөрөөр хэлбэл хуучны уламжлалт менежментийн арга барил буюу дарга, захирал нь дангаараа шийдэж, ажилтнуудаа захиран тушаадаг менежмент явцгүй болж ирж байна.

Удирдагчид нь илүү мэдрэмжтэй, ажилтнуудаа сонсож, оролцоог нь нэмэгдүүлсэн арга барилаар ажиллаж байгаа багийн ажил бусдаасаа илүү урд алхаж байгаа анзаарагдсан.

Миний хувьд тухайн ажлын нөхцөл, шаардлагаас хамаараад менежментийн холимог арга барилыг ашигладаг.

Тухайлбал богино хугацаанд хийж дуусгах шаардлагатай төслийн шинжтэй ажлуудад Төслийн менежментийг хэрэгжүүлж, хүмүүсээ удирдан зохион байгуулж, цаг хугацаанд нь шахаж, сахилга баттай байхыг шаардах зэрэг арга барилаар ажилладаг. Гэхдээ энэ нь богино хугацааны шинжтэй ажилд ашигладаг арга барил юм.

Урт хугацаанд өгөөжөө өгөх, бодлогын шинжтэй шийдвэр гаргалтуудын хувьд ажилтнуудыхаа оролцоог нэмэгдүүлж, илүү сонсох, багийн ажиллагааны зарчмыг баримтлах арга барилаар ажилладаг. Энэ арга барилыг ашигласанаар тухайн бодлого, шийдвэр илүү амьдралд ойр, хэрэгжихүйц, урт настай болдог гэж хардаг.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө болгон ажилдаа явахаар бэлдэхдээ бизнесийн болон урам зориг өгсөн сэтгэл зүйн подкастуудыг сонсохыг хичээдэг.

Ажил дээрээ очоод аутлүүк имэйл болон календараа хараад төлөвлөсөн уулзалт, хурлуудаа шалгаж, тухайн хурал уулзалтын гэрийн даалгавараа бэлддэг. Хурал, уулзалтандаа бэлтгэлтэй буюу шаардлагатай тооцоо, судалгаатай орвол илүү бүтээмжтэй, чанартай уулзалт болдог.

Одоо хариуцаж байгаа Мастерфүүдс ХХК маань хоол үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөхүйц болохоор зориод Макс Хүнс ХХК-аас салаад удаагүй байгаа учраас компанийн стратеги, бодлогыг тодорхойлох, дүрэм журмаа боловсруулах, аж ахуйн ажлуудаа сайжруулах гэх мэт олон төслүүд дээр ажиллаж байна.

Таны өнөөдрийг хүртэл бий болгосон амжилтын нууц юу вэ? Хуваалцана уу?

Тусгай нууц жор байхгүй л дээ. Миний хувьд 2005 онд сургуулиа төгсөөд ажил хийж эхлэсэнээс хойш 15 жилийн хугацаанд Монгол, Гадаад маш олон захирал, дарга, ажиллагсадтай хамтран ажиллаж үзсэн. Ямар арга барил амжилт олдог, ямар нь унадаг жишээ тохиолдлуудаас туршлагажих, суралцах маш их боломжууд гарч байсан.

Эндээс харахад хүн тухайн хийж байгаа ажлыхаа зорилго, ач холбогдол, үнэ цэнийг сайтар ойлгож чадвал чанартай гүйцэтгэл, бүтээмж гардаг гэж боддог. Тиймээс би ажилтнууддаа хийх гэж байгаа ажил, шийдэх гэж байгаа асуудлаа ойлгохдоо цагаа зарцуулж, өөрийгөө дайчил гэж зөвлөдөг. Хүмүүс ихэвчлэн ажлын чанар, үр дүндээ биш үйлдэлдээ хөтлөгдөөд явчихдаг. Дараа нь харахад чанаргүй эсвэл үр дүнд хүрээгүй хэрнээ баахан ажил хийчихсэн байдаг. Энэ нь ихэвчлэн тухайн асуудлыхаа мөн чанар, зүй тогтлыг ойлгоход цагаа зарцуулаагүйгээс үүдэлтэй юм.

Таны амьдрал, ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

Миний хэрэгжүүлэхээр хичээдэг хамгийн гол зарчмуудын нэг нь аливаа зүйлийг тодорхой болгох. Хүн хүний харах өнцөг, ойлголт ондоо байдаг учраас үргэлжийн мөнхийн ойлголтын зөрүүтэй байдал үүсэж, түүнээсээ улбаалаад сэтгэл ханамжгүй байдал, үл ойлголцол, маргаан үүсдэг.

Тиймээс аливаа асуудалд хүмүүсийг маш тодорхой нэг хуудсанд аваачихыг зорьдог. Зөвхөн имэйл бичээд орхихоосоо илүүтэй уулзалт хийхийг хичээдэг, ярилцаж байгаа хүнээсээ асуулт асуух зарчимаар бататгадаг. Энэ нь дараа нь бүтээмжгүй ажиллахаас сайн сэргийлж өгдөг гэж боддог.

Таныхаар “Макслаг сэтгэлгээ” гэж юу вэ? Максчууд энэ сэтгэлгээг хэрхэн өөртөө төлөвшүүлэх ёстой вэ?

Мэдээж Макс-ын бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэх нь Макслаг сэтгэлгээ мөн, түүнээс гадна Макслаг сэтгэлгээний нэг чухал ойлголт бол өөрийн ажилдаа эзний ёсоор хандах хандлага. Аль нэг хөндлөнгийн компанид, хэн нэгэн эзнийг хөрөнгөжүүлэх гэж ажиллаж байна гэх үзлээс салж, өөрийн ажил амьдралаа сайжруулж, ирээдүйн орлого амжиргаагаа тогтвортой байлгахад зориулж ажиллаж байна гэдэг эерэг бодолтой болох хэрэгтэй. Манай Максд ийм бодол, сэтгэлгээтэй залуучууд их олон байдагт бахархаж, гар нийлэн хамтран ажиллахад урамтай байдаг.

Та ментортой юу? Та ментороосоо юу суралцсан бэ? Мөн та өөрөө хэдэн хүний ментор вэ? Тэдэндээ юуг зааж сургадаг вэ?

2015 оноос хойш 2 ментортой байсан, одоогоор менторуудын маань ажил, цаг зав таарахгүйгээс үүдээд уулзалтууд маш багассан. 1 Ментор нь Бизнесийн чиглэлээр гадны болон дотоод томоохон компаниудад удирдах ажил хийдэг туршлагатай хүн учраас менежментийн арга барил талдаа зөвлөлддөг. Нөгөө Ментор нь Сэтгэл зүй талруугаа мэргэшсэн, хүний дотоод характер, стресс менежмент талаас сонсож, чиглүүлж чаддаг юм.

Залуучууд Ментортой байх нь зөв, өөрийгөө олох тал дээр илүү ач тустай, гэхдээ Ментортой боллоо гээд бүх зүйлсээ асууж лавлаад явах нь зохимжгүй, тэндээс өөртөө авч үлдээх өгөөж бага байна.

Шууд удирдлаганд ажилладаг хүмүүстээ би тодорхой хэмжээнд Менторлох зарчимаар ажилладаг. Шууд ажлыг нь зааж өгөхөөсөө илүүтэй өөрөөр нь шийдэл, гарцыг олуулах талаас нь өөрийг нь нээж өгөх гэж зорьдог.

Та Макс Группийн нэг эрхэм хүндтэй гишүүний хувьд Максчууддаа юуг хэлж, уриалах вэ?

Нөхцөл байдлаас улбаатай хүндхэн сорил бизнесийн байгууллагуудын өмнө тулгарч байгаа энэ цаг үед бүгдээрээ өөрийн хариуцсан ажилдаа эзэн болж, бие биедээ сайн туршлагуудаасаа хуваалцан, хамтран ажиллая гэж уриалмаар байна.

Мөн зөвхөн энэ нөхцөл байдалтай хамааруулахгүйгээр “Илүү Сайхан Монголыг бүтээхэд таны компанидаа оруулж байгаа хувь нэмэр, оролцоо чухал учраас тууштай, дайчин байхыг хүсэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.