Талбайн теннисний шинэ үеийг бэлтгэж эхэллээ

Монголын талбайн теннисний холбоо нь Макс Групптэй хамтран хүүхдийн шигшээ багийг 11 хүртэлх насны 20 хүүхдээр бүрдүүлэн ажиллаж эхэллээ. Тус шигшээ багт Олон улсын теннисний холбооноос хэрэгжүүлж буй “Мини Теннис” хөтөлбөрт хамрагдаж, сар бүрийн тэмцээнд амжилттай оролцож буй хүүхдүүд болон нийслэлийн сургуулиудаас бие бялдар, авхаалж самбаагаараа сонгогдож шалгарсан хүүхдүүд багтаж байгаа юм.

Макс Групп тус шигшээ багийн багш нарын цалин хөлс, тамирчдын сургалтын зардал, байнга хичээллэх заал, кортны түрээсийг бүрэн хариуцаж буй тул бэлтгэл сургуулилт нь батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу үр дүнтэй, зохион байгуулалттай байна. Тус групп 2014 онд орчин үеийн шаардлага хангасан теннисний заал байгуулан, жилийн дөрвөн улиралд байнга бэлтгэл сургуулилт хийх нөхцлөөр хангах юм.

Энэхүү арга хэмжээ нь ирээдүйд талбайн теннисний спортоор тив, дэлхийн хэмжээний тамирчид бэлтгэн, Монгол улсынхаа нэрийг олимпийн наадмууд, “Уимблдон” болон Австрали, Америк, Францын нээлттэй аварга шалгаруулах “Их дуулга”-д дуурсгах хэтийн зорилготой.
Бэлтгэл сургуулилт Монголын үйлдвэрчний соёлын төв ордон, “Аврагч” спорт хорооны спорт зааланд тус тус болж буй бөгөөд энэ сард багтаан гоц авъяастай, бие бялдрын хөгжил сайн, авхаалж самбаа бүхий 8-10 насны цөөн хүүхдүүдийг сонгон шалгаруулалтаар сургалтдаа хамруулна. Сонирхсон эцэг эхчүүд Олон улсын теннисний холбооны I зэргийн дасгалжуулагч Б.Дүүрэнбаяр утас (9603-3543), С.Сүхжаргал утас (9919-0041) нартай холбогдоно уу.