“Макс шил” үйлдвэрлэлийн салбарт шинэ хуудсыг нээлээ

Өнгөрсөн баасан гаригт үйлдвэрлэлийн салбарт бас нэг сайхан мэдээ дуулгасан нь Макс групп “Макс шил” шилний үйлдвэрийн үүдээ нээсэн явдал байлаа. Монгол Улс үйлдвэржилтийг дэмжиж, импортыг бууруулахаар бондын хөрөнгөөр томоохон төслүүдийг эхлүүлэхээр болсон. Үүнтэй зэрэгцэн зарим компани өөрсдийн хөрөнгөөр үйлдвэрлэлийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж эхэлсний нэг нь үндэсний шилний үйлдвэр зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн болсон явдал. Тус группын өөрсдийн хөрөнгөөр босгосон шилний үйлдвэр хоногт 3500 ам.метр шил боловсруулах хүчин чадалтай аж. Гаалийн байгууллагын мэдээллээс харахад манай улсын жилийн шилний хэрэгцээ хоёр сая ам метрт эргэлддэг гэсэн тооцоо байна. “Макс шил”-ний ойрын зорилтод дотоодын шилний эрэлтийг 100 хувь хангах төлөвлөгөө багтжээ. Өдгөө 30 гаруй ажилчны ур чадвар, туршлага, хүч хөдөлмөрөөр вакум цонх, хаалганы шилэн пакет хийх, шил зүсэх, өрөмдөх, угаах, хатаах, нягтаршуулах, ганжуулах, толь боловсруулахаас гадна шилэн хана хаалт, хийц, гадны фасадны шил, шилэн тавилга, техникийн шил, шилэн дүш, лангуу хийх зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ. “Макс шил” үйлдвэрийн нээлтийн үеэр тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Идэрболдоос зарим зүйлийг тодруулсан юм.

-“Макс шил” үйлдвэрийн бүтээгдэхүүний давуу талыг товчхон танилцуулахгүй юу?
-Манай хамт олон төгс шилийг “төрүүлэх” том зорилготой ажиллаж байна. Макс групп барилга угсралт, цонх үйлдвэрлэлийн салбарт 2003 оноос ажиллаж эхэлсэн туршлагатай хамт олон. Хоёр жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд энэ үйлдвэрийг байгуулсан. Манай зах зээлд нийлүүлэгдэж байгаа шилний ихэнх нь түүхий шилээр хийсэн цонх, шилэн хана, хаалт зэрэг бүтээгдэхүүн байдаг. Энэ нь маш их эрсдэл дагуулдаг. Энэ байдлыг халж, энэ салбарт шинэ хуудсыг нээхээр бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмж, технолоийг нэвтрүүлээд байна.

– Үйлдвэрт ашиглах тоног төхөөрөмж, технологийн хувьд?
-Итали, Солонгос, Хятад улсад ашигладаг дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмж, технологийг суурилуулаад байна. Хоногт 3500 ам метр шил боловсруулан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

-Барилгын салбар сүүлийн жилүүдэд хурдтай өсч байна. Энэ хэрээр цонх, шил, шилэн бүтээгдэхүүн гээд энэ салбарт зайлшгүй шаардагдах бүтээгдэхүүний эрэлтт ч дагаад өсч байна. Танай үйлдвэр зах зээл дэх эрэлтийг хэр хангаж чадах вэ? 
-Тоног төхөөрөмж, технологитоо суурилаад дотоодын эрэлтийг 100 хувь хангах боломж бий. Энэ боломжийг ашиглаж ажиллахаар  төлөвлөсөн. Яваандаа бүтээгдэхүүнээ экспортлох зорилтыг бид тавьсан.

-Шил боловсруулах, шилний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрт шил үйлдвэрлэх боломж орйхон байгаа байх. Шил үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эд манайд хэр хангалттай байдаг вэ?
-Шил үйлдвэрлэх талаар бид ойрын зорилгодоо тусгасан байгаа. Яваандаа шилийг дотооддоо үйлдвэрлэх боломж бий. Шилний түүхий эд кварц өндөртэй эслний нөөцөөр манай улс арвин. Түүхий эдээ түшиглээд шил үйлдвэрлэх боломжтой.