Макс группийн нийт ажилтнуудын “зуны зугаалга-2016” боллоо

Макс Группийн нийт ажилтнуудын зуны зугаалга 8 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Хайртхаан амралтанд болж өнгөрлөө. Үйл ажиллагаанд 600 гаруй ажилтан оролцож, 14 автобусаар Хайртхааныг зорьж, амралтын хотхонуудад хуваагдан байрлаж, нар хур тэгширсэн цаг агаар, уул ус, байгалийн сайханд хамт олонтойгоо амарч, урьдчилан төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан үйл ажиллагаануудад ажилтнууд маань идэвхитэй оролцов.

Хөтөлбөрийн гол үйл ажиллагаа нь компани бүрийн нийт ажилтнуудаас төлөөлөл оролцсон багийн хөгжөөнт тэмцээн, хүчит бөхийн барилдаан байлаа.

Шаартай 2 төрлийн хөгжөөнт тэмцээнд нийт 11 баг тамирчид оролцсоноос “Галт тэрэг” тэмцээнд “Топбүлэг” ХХК I байр, “Макс Эксим” ХХК II байр, “Макс Шил” ХХК III байр, “Юу яах” тэмцээнд “Макс Лайн” ХХК I байр, “Топбүлэг” ХХК II байр, “Макс Эксим” ХХК III байр буюу нийлбэр дүнгээр “Топбүлэг” ХХК компанийн баг нэгдүгээр байранд орсон.

Бөхийн барилдаанд нийт 52 бөх оролцож хурд хүчээ сорьсноос “Макс Эксим” ХХК-ийн Гаалийн бүрдүүлэлтийн ажилтан Ч.Эрдэнэбаяр түрүүлж, “Макс Эксим” ХХК-ийн Худалдааны төлөөлөгч Б.Бямбадорж үзүүрлэж, “Топбүлэг” ХХК-ийн Шуурхай бүлгийн хамгаалагч Э.Батжаргал 3-р байр эзэлсэн.

Мөн “Balloon party” оройн шоу хөтлөгч Ууганаа, Амuni’s хамтлаг, The Lemons хамтлаг, хөгжөөнт тоглоом зэргээр үргэлжилж, шоуны дундуур Максын бүтээмжийн хөтөлбөрийн шилдгүүдийн шагнал, АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд зохиогдсон тогооч нарын уралдаанд амжилттай оролцсон шилдгүүдэд Группийн шагнал гардуулах, тухайн өдөр төрсөн өдөр нь тохиосон ажилтанд гэнэтийн бэлэг барих зэрэг төрөл бүрийн сонин содноор дүүрэн байсан төдийгүй амрагч ажилтнууд маань оройн сэрүү болон бороог ажрахгүй бүжиглэж, хөгжиж байсан юм.

Ажилтнууд маань баг хамт олноороо ижил хувцсаар жигдэрч, хоолондоо зуслангийн хүүхдүүд шиг хүлээцтэй гэгч нь дугаарлаж, уралдаан тэмцээнд бие биедээ эвтэй, хүндэтгэлтэй хандаж, удирдлагууд нь хамт олноо үлгэрлэн идэвхитэй оролцож, байгууллагын соёл маань хичнээн сайхан эерэг болох нь анзаарагдаж байлаа.

Зохион байгуулах багийн зүгээс өгсөн дүрмийг баримталж, хамт олноо хүндэтгэн, хувийн соёлтой, зөрчилгүй, хамт олонч байсан нийт ажилтнууддаа талархал илэрхийлж, ажлын илүү их амжилт хүсье.