“Макс агро” эрчимжсэн мал аж ахиун цогцолбор ферм нээгдлээ

2015 оны 2 дугаар сарын 7-ны нар ээсэн сайхан өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд “МАКС АГРО” Эрчимжсэн Мал Аж Ахуйн Цогцолбор ферм нээлтээ хийж, мал аж ахуйн салбарт түүхэн хуудсыг нээлээ. Нээлтийн үйл ажилгаанд УИХ дарга З.Энхболд, ХХАА сайд Р.Бурмаа,Франц улсын онц бүрэн эрxт элчин сайд Ив Дэлунэ, Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид, Макс групп, Сүү ХК-ын удирдлагууд оролцлоо.

Нээлтийн үеэр Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар хэлэхдээ “Монголчууд 60 орчим сая малтай байж, сүүгээ гаднаас авч байсан үе саяхан бид одоогоор дотоодын сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлээ өвөл зунгүй хангаж байна. Цаашид сүү сүүн бүтээгдэхүүний гадны орнууд экспортлох боломж бүрдэж байна. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь Максчуудын Монголоо гэсэн сайхан сэтгэл билээ”

Манай хөдөө аж ахуйн салбарт махны, үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм байдаг ч “Сүү”ХК-ийн байгуулж байгаа Сүү, үржлийн чиглэлийн цогцолбор ферм ойрын 20 жилд байгуулагдаагүй байсан юм. Сүүний ийм эрчимжсэн мал аж ахуйн цогцолбортой болсноороо “Сүү” ХК өмнө нь сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн шингэн сүүний 80 хувийг хангадаг байсан бол ферм ашиглалтад орсноор нийслэлчүүдийг өвөл зунгүй өндөр чанартай шингэн сүүгээр тасралтгүй хангах боломжтой боллоо. Мөн үйлдвэрээс гарч буй эцсийн бүтээгдэхүүний чанар ч улам сайжирч байна.

“Сүү” ХК-ийн оруулж ирэн Монголд нутагшуулж байгаа Гольштейн үүлдрийн гунж нь саалийн 305 хоногтоо 7500-14000 литр сүү өгдөг эхээс гарсан гунжнууд. Гольштейн үүлдрийн гунжнууд Монголд ирэхдээ бүгд хээлтэй ирсэн бөгөөд одоогоор 200 гаруй төл хүлээн аваад байна. Ирэх гуравдугаар сар гэхэд бүгд тугаллаж, нийтдээ 300 тугал хүлээн авах бөгөөд сүүний гарц таван сар гэхэд оргил үедээ хүрч нэг үнээнээс хоногтоо 25-30 литр сүү авах боломжтой болох юм.

“Макс-Агро” Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор Фермийг байгуулахад Чингис бондоос санхүүжилт авсан бөгөөд ферм 2014 оны 10 сарын эхээр анх 70 литр сүүг үйлдвэрт нийлүүлж эхэлсэн. Фермийн удирдлагуудын тооцоолж байгаагаар 2017 он гэхэд 1200 саалийн үнээтэй болно гэсэн зорилттой ажиллаж байгаа. Одоогоор фермээс хоногтоо 5 тонн гаруй сүүг үйлдвэрт нийлүүлж байна. Саалийн механикжсан фермийн бас нэгэн давуу тал нь фермийн бүхий л үйл ажиллагаа компьютержсон, сүүлийн үеийн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Ингэснээр үхэр нэг бүр хоногт хэчнээн литр сүү өгч байна, сүүний тослог, уурагт нь өөрчлөлт орсон байдал, үнээ ямар нэгэн өвчнөөр өвчилсөн эсэх, тэжээл нь тохирч байна уу, үгүй юу, хээлтүүлгийн үе нь хэзээ вэ гэх зэрэг бүхий л мэдээллийг архивлан төвлөрүүлж, тэрхүү мэдээлэлд тулгуурлан фермийн менежментийг хийж болдгоороо давуу талтай.Түүнчлэн фермийн дэргэд 700 гаруй га талбай бүхий тариалангийн талбайтай бөгөөд эндээсээ малынхаа хэрэгцээт дарш, ногоон тэжээлээ бэлтгэн үйлдвэрлэх боломжтой. Мөн хөрсний үржил шимийг тогтвортой байлгах, био бордоо үйлдвэрлэх, улмаар байгаль орчинд ээлтэй технологийн нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна. Одоогоор фермд 40 орчим хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажлуулж байгаа бөгөөд улирлын онцлогоосоо шалтгаалан ажиллах хүний тоо цаашид нэмэгдэх бүрэн боломжтой.