Максчуудын нэг өдөр: Ложистикийн ахлах менежер Ж.Гантулга



Ажилладаг байршил: Макс Тауэр, 11-р давхар, 1103 тоот
Албан тушаал: Ложистикийн ахлах менежер
Харьяалагддаг компани: “Макс Импэкс” ХХК
Макс Групп хэмээх их айлын 2500 ажилтнаас энэ удаад найрсаг харилцаа, сайхан инээмсэглэлээрээ хамт олондоо хүндлэгддэг Жамьян овогтой Гантулгыг онцолж, ажлын онцлогтой нь танилцлаа. Тэрээр группийн хэмжээнд ханган нийлүүлэх бараа бүтээгдэхүүний менежмент, улс хоорондын тээвэрлэлтийг хариуцан ажилладаг. Ложистикийн ажлын онцлог нь хил гааль, түр хугацааны хориг, ачилтын норм, тээврийн хэрэгслийн багтаамж гээд өдөр бүр шинэ мэдлэг, мэдээлэл, өндөр зохион байгуулалтыг шаардаж байдаг. Түүний хувьд, эрч хүч авдаг зүйл нь ар гэрийн тайван сайхан орчин, хүүхдүүдийнх нь цангинасан инээд шуугиан, хамт олныхоо эерэг сайхан харилцаа гэж тодорхойлсон.
Худалдааны салбар, тэр дундаа Макс Группт 19 дэх жилдээ ажиллаж байгаа тэрээр хамгийн сүүлд салбарын дээд шагнал ХИЙМОРЬ хүндэтгэлийн одонгоор шагнагдсан юм.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?Ажилдаа 20-30 минутын өмнө ирээд, урьд өдрийн төлөвлөсөн ажлуудын дагуу ажлын ширээг ажилд бэлтгэхээс эхэлнэ. За тэгээд, хамгийн түрүүнд и-мэйлдээ хариу өгнө. Дараа нь өдөр тутмын мэдээ, тайлан өртөг зардал тооцох гээд их л завгүй өнгөрчихөөд байдаг.
Таны ажиллаж буй ажил болоод салбарын онцлог нь юу вэ? Эерэг сайхан болоод хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?
Ложистик, гадаад дотоод тээвэр, гааль татварын үйл явц гээд эцсийн хэрэглэгчдэд хүрэх бүхэл бүтэн цогц үйл ажиллагааг хамарсан ажил байдаг нь онцлог байх. Энэ бүх үйл явцад төрөл бүрийн мэргэжлийн олон сайхан хүмүүстэй харилцаж ажил маань явна даа. Мэдээж төгс хүн төгс үйлчилгээ гэж байдаггүй, хүн бүр тухайн ажлыг өөр өөр өнцгөөс хардаг болохоор хэцүү бэрхшээлтэй зүйлүүд гарнаа бас. Тэр бүрт нь ойлголцоод явна.
Таны ажлын онцлох арга барил юу вэ?
Эргэж буцалгүйгээр цагийн ажлыг цагт нь дуусгах. Мөн өдөр бүр суралцаж, өөрийгөө хөгжүүлэх. Олон улсын тээвэр бүр өөр өөрийн дахин давтагдашгүй онцлогтой байдаг. Тиймээс ч зохион байгуулалт хийж ажилладаг хүний хувьд өдөр бүр суралцаж байх шаардлага гардаг.
Таныг бахархал ?
Зөв зохион байгуулалт, эерэг хандлага хүнийг ажлаа сайн хийхэд их нөлөөлдөг. Группийн салбар охин компани бүр дээр байгаа миний хамт олон бол миний бахархал шүү. Мөн гэр бүлийн хүн маань миний ажлыг сайн ойлгож, тусалж дэмжиж, орон тооны бус сайн зөвлөгч байдгийг онцолж хэлмээр байна.
Та өөрийгөө нэг үгээр тодорхойлбол?
Нийтэч
Анх ажилд орж байсан дурсамжаасаа хуваалцвал?
Анх сонингийн зараар ажилд орох анкет өгч байлаа. Хэсэг хугацааны дараа 2 захирал хүлээн авч, шууд ярилцдаганд орон тэнцэж байлаа. Тухайн үедээ маш их баярлаж байснаа одоо санаж байна. Сэтгэл нийлсэн хамт олонтойгоо 19 жил үр бүтээлтэй ажиллаж байна. Олон том бүтээн байгуулалт, төсөлд гар бие оролцож яваадаа үргэлж сэтгэл хангалуун байдаг.
Ажиллаагүй үедээ таны амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
Эхнэр хүүхэд, найз нөхдийн хүрээнд амарч зугаалах, спортоор хичээллэх, аялах. Мөн хуучны ретро хөгжим чанга дээр тавиад сонсож явах сайхан шүү.