Максчуудын бахархал: Н.Нямсүрэн төрийн дээд одонгоор шагнагдлаа

Шинэхэн “Алтан гадас” одон энгэртээ гялалзуулж, хамт олноороо хүрээлүүлсэн энэ бүсгүй бол салбар хариуцсан менежер Н.Нямсүрэн. Макс Группийн он цагийн хуудсыг бичилцэж, хийж бүтээж яваа 2000 гаруй ажилтны төлөөлөл. “Макс Моол” дахь супермаркет болон хоол үйлчилгээний салбарыг хариуцдаг тэрээр тогтсон стандартыг баримталж, ая тухтай, цэвэр цэмцгэр үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ үзүүлэх хариуцлагатай үүргийг хүлээдэг. 11 жил тасралтгүй ажиллаж байгаа Н.Нямсүрэн дуртай ажлаа хийж, түүнээсээ эрч хүч авч байдгаа амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг гэж тодорхойлсон. Энгэрт нь гялалзах одон, эргэн дурсах түүх, бахархалт хамт олон, хувь хүнийх нь талаар түүнтэй товчхон ярилцсанаа хүргэе.

“Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе.

Баярлалаа. Хамт  олныхоо хөдөлмөр, өөрийнхөө аливаа  зүйлд чин сэтгэлээр  ханддаг  хандлага, удирдлагын  дэмжлэгээр төр засагтаа үнэлүүллээ. Аливаа амжилт бол  хамтын   хөдөлмөр,   хамт  олны  бүтээмж  байдаг.

Таны ажлын нэг өдөр хэрхэн эхэлж, хэрхэн өрнөдөг вэ ?
Ажлын  өдөр  маань дотоод  хяналтаас  эхэлдэг.  Хүний идэж буй хоол хүнс, эрүүл мэндтэй холбоотой учир байнгын хяналт, нарийн стандартыг шаарддаг. Жижиглэн  худалдааны  салбарын онцлог нь  үйлчлүүлэгч,хэрэглэгчийн  нүдэнд алдаа  оноо нь  шууд  дүгнэгдэж  байдаг. Тиймээс алдаа  гаргах  эрхгүй, засах , хойшлуулах  хугацаа, боломж  гэж  байдаггүй.  Гэхдээ бидний   хийсэн  хоол, үзүүлсэн үйлчилгээнд   талархлаа гээд  чин  сэтгэлээсээ  хэлэх  үйлчлүүлэгчийн урмын  сайхан үгийг  сонсох тэр  агшин  хамгийн  сайхан.

Таны хувь хүн, дотоод ертөнцийн талаар сонирхвол?

Өөрийгөө  далайлт нь  өндөр , буулт  зөөлөн  гэдэг  шиг  л   хүн гэж  боддог. Хэн  нэг  хүн  надад  хандсан  тохиолдолд  өөрийн  бүх  боломжоор  туслахыг  бүр  хэт  их  хичээдэг.  Хүний   төлөө  санаа  зовомтгой  чанартай. Бусдыг   ойлгох , бусдад  тусалсны үр  шим  хэзээ  нэгэн  цагт  өөрт  ирдэг  гэж  боддог юм. Мөн ямар ч  зүйлийг  гэгээлэг  сайхнаар  эхэлж  төсөөлдөг . Чамд ер нь  муу  хүн, муу  найз нөхөд, муухай  юм, хэцүү зүйл  байхгүй шүү гэж  нөхөр  маань  шоглодог  юм.

Та юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ

Баг хамт олныхоо амжилтаас, ялангуяа тухайн амжилтанд нь би бага ч гэсэн хувь нэмрээ оруулсан бол тэр бол юугаар ч илэрхийлшгүй маш том урам зориг, эрч хүч болдог.

Ажиллаагүй үедээ таны амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Амралтын  өдрөө   гэр  бүлдээ, өөртөө зориулна. Эзэгтэй, ээж хүний  үүргээ сайн биелүүлэхийг хичээдэг.  Хайртай  дотны  хүмүүсээ  баярлуулах  маш  дуртай даа.

Анх ажилд орж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Одоогоос 11 жилийн өмнө, 2006 оны12-р сарын 26 -ны өдөр  анх  Макс  Групп-д  ажилд  орохоор  Д.Цэрэнжигмэд  захирал, Ерөнхийлөгч Д.Ганбаатар нартай уулзаж  байсан тодхон  санагдаж  байна. Юу  асуудаг  бол  гээд  хэрэндээ  бэлдэж, бэлдэж орсон. Ерөнхийлөгч Д.Ганбаатар  надаас  ганцхан  зүйл  асуусан. Таны  мөрөөдөл  юу  байна  вэ  гэж. Их сандарч байж билээ. Их л  том, том  асуулт, хариулт  бэлдчихээд байсан юм.

Миний хариулт юу байсан бэ гэхээр, би  4  хүүхэдтэй, үр  хүүхдүүдээ  сайн  боловсрол  эзэмшүүлж, тэднийгээ  сайн   сайхан  амьдарч  явааг  харах  л  ээж  хүний  хувьд  хамгийн том мөрөөдөл  минь  байна аа  л  гэж  хэлсэн. Тэр  үед  хүүхдүүд  минь 1-14  настай  байсан. Өнөөдөр тэд  минь их  эмч, эдийн  засагч, олон  улсын  харилцааны оюутан болсон. Мөрөөдөл  минь биелж  явна. Макс  Групп миний мөрөөдөлтэй хамтдаа байсан гэж боддог. Надад итгэл үзүүлсэн тэднийхээ итгэлийг нь алдахгүй, зүтгэлээр хариулах юмсан гэж хичээж явна даа. Хөдөлмөрч, ёс зүйтэй, эрч хүчтэй хамт олон маань үнэхээр бахархмаар.

Энэ завшааныг ашиглаад, үргэлж дэмжиж, урам  хайрладаг эрхэм  хүндэт  Удирдлагууд, “Макс  Хүнс” ХХК-ийн  удирдлага, хамт  олон,  үе  үеийн хамтран  ажиллаж  байсан  салбар  нэгжийн  хамт  олон  та  бүхэндээ  чин  сэтгэлээсээ  талархаж  буйгаа илэрхийлье. Та  бүхний  минь   ажил , амьдрал  өөдрөг  дэвжүүн, эрдэнэт  бие нь   эрүүл  энх, энхрий  үрс  нь  аз  жаргалтай, сайн  сайхан  байхын  өлзийтэй  ерөөлийг  өргөн  дэвшүүлье.