“Интерконтинэнталь Хүтэлс групп” Макс групптэй хамтран ажиллах гарын үсэг зурлаа

Монгол улсын үндсэний тэргүүлэгч компаниудын нэг Макс Грүпп дэлхийн хамгийн анхны зочид буудлын сүлжээний брэнд болох Холидэй Инн зочид буудлыг Улаанбаатар хотод байгуулахаар тус брэндийг эзэмшигч Интерконтинэнталь Хотэлс Групп-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Интерконтинэнталь Хотэлс Групп нь дэлхийн 100 оронд 9 брэндийн 4,900 зочид буудал ажиллуулдаг бөгөөд нийт 722,575 өрөөтэй дэлхийн хамгийн том зочид буудлын сүлжээ юм.

Холидэй Инн брэнд нь 1952 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан АНУ-ын анхны зочид буудлын сүлжээ юм. Нийт 210,419 өрөө бүхий 1,154 зочид буудлын салбарууд нь дэлхийн санхүү эдийн засаг, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын төв гэгддэг хотуудад байдагаараа давуу талтай.

Бизнесийн болон аялал жуулчлалын чиглэлээр зорчиж буй  зочид нэг удаагийн төлбөр, бүх үйлчилгээ гэх хандлагыг илүүд үзэх болсон нь сүлжээ зочид буудлын үзүүлж буй үйлчилгээтэй нийцэж байгаа ба үүнийг дагаад дэлхийн улс орнууд эх орондоо ийм төрлийн зочид буудлуудыг байгуулах сонирхолтой болсон.

Үндэсний тэргүүлэгч компаниудын нэг Макс Грүппын хувьд энэхүү дэлхийн чиг хандлагын хүрээнд дээрх үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэх үүднээс Интерконтинэнталь Хотэлс Группын эзэмшил болох Холидэй Инн зочид буудлыг Улаанбаатар хотод байгуулах боломж ийнхүү нээгдэж байна. Холидэй Инн Улаанбаатар буудал нь 4 одтой 170 өрөөтэй 20 давхар, хурал уулзалт, ёслол арга хэмжээ зохион байгуулах 3-н том танхимтай дэлхийн жишигт нийцсэн төсөл юм.

Гарын үсэг зураг ёслолд, Макс группийн удирдлагууд, Англи улсын элчин сайдын яам, Америкийн элчин сайдын яам, Монгол улсын зочид буудлын холбоо болон хэвлэл мэдээллийн төлөөлүүд оролцлоо.