Барилгын материалын цогцолбор үйлдвэрлэлийн гэрээг үзэглэлээ

Аж үйлдвэр, барилгажилт, авто зам, металлурги, арьс шир боловсруулах зэрэг томоохон төслүүд эрчимжихийн хэрээр үндсэн түүхий эдийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Тэр дундаа шохой болон цементгүйгээр бид орчин цагийн соёл иргэншлийн гайхамшигт бүтээн байгуулалтын нэгийг ч босгож чадахгүй билээ.

“Цэнгазар” ХХК нь баруун бүс нутгийн ирээдүйн хөгжил бүтээн байгуулалтын суурийг цогцлоох шохой, цементийн цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Шохой цементийн цогцолбор үйлдвэрийн төсөл үндсэн 2 үе шаттайгаар хэрэгжинэ. Шохойн үйлдвэр 2022 оны хоёрдугаар улиралд, харин цементийн үйлдвэр 2023 онд ашиглалтанд орох юм.

Тэгвэл түүхий шохойн үйлдвэрийн дизайн, зураг төсөл, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх угсралт тохируулгыг хийж гүйцэтгэх Гэрээг дэлхийд цемент, шохойн үйлдвэрлэлээр тэргүүлэгч БНХАУ ын CNBM группийн Синома Билдинг Материалс Дизайн институт компанитай 2021 оны 9 дүгээр сарын 8 ны өдөр байгууллаа.

Макс Группийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн бизнес хариуцсан захирал Д. Даваа-Очир хэлэхдээ:
“Манай Макс Групп Монголын баруун бүсэд шохой цементийн цогцолбор үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр нилээд олон жилийн өмнөөс бодож, тооцоолж төлөвлөсөн байдаг. Цемент, шохойн төсөл хэрэгжих цаг хугацаа нь одоо ирж байгаа нь манай уул уурхайн төслүүдтэй холбоотой, баруун бүсийн дэд бүтцийн хөгжлийг шийдэхээр улсаас баримталж байгаа бодлоготой уялдаад, хэрэгжүүлэх нь зөв юм аа гэдэг шийдлийг гаргаад бид нар ТЭЗҮ-ээ боловсруулаад, зураг төслийн ажил дуусаад одоо бол барьж байгуулах бүтээн босгох ажил эхэлж байна.”

2017 оны байдлаар манай улс нийт шохойн хэрэгцээнийхээ 60 гаруй хувийг импортоор авч байгаа. Дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 280 мянган тонн гэсэн статистик байгаа ч бодит үйлдвэрлэл 77 мянган тонн байгаа юм.

Харин баруун таван аймгийн цементийн жилийн хэрэглээг харвал 220 мянган тонн байна. Энэ бүс нутагт ирээдүйд бий болох олон бүтээн байгуулалт эдгээр хоёр төрлийн эрэлт хэрэгцээг улам өсгөх төлөвтэй байна. Тухайлбал, Говь Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт эхлээд буй Хан-Алтай алтны орд гэхэд нийт шохойн үйлдвэрлэлийн 30% хүртэлх хувийг дангаараа ашиглах хэрэгцээ бий болох юм.

Энэхүү бүтээн байгуулалтыг бид Тогтвортой хөгжилийн зорилт болох Эдийн засгийн өсөлт, тогтвортой ажлын байрыг бий болгох, инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх, мөн Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого, Үйлдвэржилтийн бодлого, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Засгийн газрын 21:100 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр ийнхүү зорин ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.